АГААРЫН БОХИРДОЛ ба ЭРҮҮЛ МЭНД

Агаарыг тоосонцор (PM2.5, PM10), хийн хүчлийн үлдэгдэл (SO2, NO2, CO), хүнд металууд (Pb, Cd) бохирдуулдаг. Эдгээр бохирдуулагчдаас онцгойлон судалж авч үздэг нь нарийн ширхэглэгт тоосонцор (PM 2.5) юм. Нарийн ширхэглэгт тоосонцор дутуу шаталтаас үүсдэг хүний биед хамгийн хоруу чанартай маш жижиг хэмжээтэй нэгдэл. Харьцуулбал: Элсний ширхэгийн диаметр 90-100мкм хэмжээтэй. 100 мкм гэдэг нь 1 см-ийг 100 хуваасны нэгтэй тэнцүү хэмжигдэхүүн юм. 

Элсний ширхэг нь нэг сантиметрийг 100 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй. Харин нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) нь 2.5 мкм хүртэл хэмжээг хэлдэг ба энэ нь элсний нэг ширхэгээс 40 дахин жижиг хэмжээтэй нүдэнд харагдахааргүй бичил хэмжээ юм. 

Нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) нь амьсгалын хийн солилцоо явуулах эцсийн цэг болох цулцанд хүрэх туулах чадвартай. PM2.5 нь хамар залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, бронх, бронхиол, цулцангийн бүхий л хэсгүүдэд шигдэж хэсэг газрын үрэвсэл, дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг хоруу чанартай. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр 1 метр куб эзэлхүүнтэй агаарт 24 цагийн дундаж нь 25 мкг хүртэл хэмжээтэй байхыг хүлцэх хэмжээ гэж үздэг бол Монгол улсын агаарын чанарын MNS 4585:2007 стандартад 50 мкг/м3 хүртэл хэмжээтэй байхыг хүлцэх хэмжээ гэж үзэж байна.

Тэгвэл Улаанбаатрын оршин суугчид дунджаар Монголын стандартын хүлцэх хэмжээнээс 10 дахин их хэмжээтэй нарийн ширхэглэгт тоосонцроор амьсгалж байгаа нь өвчлөл болоод цаг бус баралтанд нөлөөлсөн болохыг судалгаагаар тогтоосон юм.

Нэг шижээ татья. 2017 оны 12 сарын 01-ний шөнө Баруун 4 замд байдаг агаарын харуулын хэмжилт PM2.5 хэмжээ 4046 хүрснийг зааж байлаа. Энэ нь Монголын агаарын чанарын стандарын хүлцэх хэмжээнээс 80 дахин ихэссэн байжээ. Энэ бол гамшиг! Энэ бол үхлийн хөндийд амьдарч байгаа тоон үзүүлэлт.

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл судалгаа” -г 2012-2014 оны хооронд АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн баг Нобелийн шагналт Кирк Смитийн багийнхантай хамтран хийжээ. Энэ судалгааны дүнгээр Улаанбаатар хотод жилд дунджаар 7,000 орчим нас баралт бүртгэгддэг ба үүнээс агаарын бохирдлын шалтгаант цаг бус нас баралт насанд хүрэгчдийн 1250 тохиолдол, 0-5 нас хүртэлх хүүхдийн 120-130 тохиолдол бүртгэгдэж байгааг олон улсын аргачлалаар тогтоожээ. 

Судалгааны багийн дүгнэлтээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахгүй одоогийн байдлаар үргэлжилбэл 2017-2024 оны хооронд цаг бус нас баралтын тохиолдол 13,000-аар ихэснэ. Тиймээс цогц, эрс шийдэмгий арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна гэжээ.

Нийслэлийн иргэдийн амьдрах сууцны төрлөөр нь тооцон гаргахад нийт хүн амын нарийн ширхэглэгт тоосонцрын (PM2.5) өртөлт дотоод орчинд 71.9%, гадаад орчинд 7.3%, дам тамхидалтанд 20.8% өртөж байгаа нь дотоод орныг HEPA шүүлтүүрээр цэвэршүүлэх үндэслэл болсон юм. АШУҮИС, НЭМС 2016 онд “Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах интервенц судалгаа”-г Нийслэлийн цэцэрлэгүүдэд хийжээ. HEPA агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй цэцэрлэгийн дотоод орчны нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) - 93.7 мкм/м3 (MNS 4585:2007 стандартын хүлцэх хэмжээнээс 2 дахин их) байсан бол интервенц хийж HEPA агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн цэцэрлэгийн PM2.5 - 29мкг/м3 хэмжээнд хүрчээ. 

 

Эх сурвалж ikon.mn