Агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс хүн амд өгөх зөвлөгөө, зөвлөмж

Хүн амын төвлөрөл, үйлдвэржилт, автомашины хэрэглээ зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаар маш ихээр бохирдож, улмаар хүн амын дунд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлүүдийг нэмэгдүүлж байна. 

Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвсэл, хавдар, нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын төвшинг бууруулдаг бөгөөд хүүхэд, өндөр настан, архаг өвчтэй хүмүүс илүү өртдөг. 

Агаарын бохирдолттой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал юм. Иймээс агаарын бохирдлыг бууруулах, өвчлөлөөс сэргийлэх дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг иргэн танд зөвлөж байна.

1.Агаарын бохирдлыг бууруулахаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжинэ үү

Сайжруулсан зуух

Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш гэх мэт)

Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах

Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх;

Өвлийн улиралд пийшингээс өөр халаах аргыг сонгох: цахилгаан, тосон халаалт гэх мэт

2.Иргэд хашаандаа хог, хаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх

Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хорт нэгдэл агуулсан хаягдал бүтээгдэхүүнийг шатаах нь таны болон танай гэр бүлийхний амьсгалах агаарыг хорт бодисоор олон төрлийн өвчлөлийг үүсгэх аюултай. Түүчлэн агаарт дэгдсэн хорт нэгдлүүд нь хөрсөнд бууж, тоостой хамт буцаж агаарт дэгдэн удаан хугацааны турш ойр орчмын агаарыг бохирдуулж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог. Иймд хэн нэг нь хог, дугуйны хаймар, резинэн зэрэг хаягдал бүтээгдэхүүн шатааж байгааг харвал агаарын чанарын албанд мэдээлэх үүрэгтэй;

3.Гэрийн дотоод орч­ны агаарын чана­рыг сайжруулах, бохир­дуу­ла­хаас сэргийлнэ үү!
 
Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолттой байвал энэ нь гадаад орчны агаарын бохирдолттой нэгэн адилаар таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Хэрэв танайх бага насны хүүхэдтэй бол гэртээ Хэт Өндөр Үр Ашигтай Агаарын Шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглахыг зөвлөж байна. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0.3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99.99 хувийн үр ашигтай шүүдэг.

Гэртээ өдөрт хоёроос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. 

Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгдсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.

Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төл­вийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах. Агаарын бохирдол өглөө болон оройн цагаар хамгийн их байдгийг анхаарна уу.

Хэрэв та галлагаатай орон сууц, гэрт амьдардаг бол галлах, хоол хийх үедээ аль болох утаа бага гаргаж байх хэрэгтэй;

4.Хүүхдүүд агаарын бохир­долд хамгийн эмзэг тул эцэг эхчүүд дараах зөвлөмжийг анхаарна уу

Автозамын хажуугаар бага насны хүүхдээ дагуулж явахаас зайлсхийх. (Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд 1.5 м-ээс доош төвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг)

Хүүхдээ агаарын бохирдол багатай үеэр салхилуулах. Агаарын бохирдол ихтэй өглөө болон оройн цагаар бага насны хүүхдээ салхилуулахаас зайлсхийх.

5.Чийрэгжүүлэлт, биеийн дархлааг дэмжих, эсэр­гүүцлийг сайж­руула­хад анхаарах

Ажил амралтаа зөв зохицуу­лан, сайн унтаж амрах.

Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. (Монголчуудын уламжлалт хүнс болсон адуу, хонь, үхрийн махнаас гадна, эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай)

Уламжлалт аргаар бүрсэн тараг хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол хүнснээс авах хэрэгцээт шимт тэжээлт бодисыг биед гүйцэд шингээж өгнө.

Идэвхтэй амрах, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах зэрэг үнэ хямдаар салхинд гарах; (Заавал үнэтэй цанын бааз руу явах шаардлагагүй)

6.Автомашины хэрэглээг ухаалаг болгох

Долоо хоногийн 1-2 өдөр автомашин унахгүйгээр нийтийн тээврийн хэрэгс­лээр зорчих;

Ойрхон газар явган алхах (бензин хэмнэхээс гадна таны эрүүл мэндэд тустай)

Автомашиныхаа хөдөлгүүр болон бусад эд ангиудад засвар үйлчилгээг нь тогтмол хийлгэх (бензин хэмнэхээс гадна, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна)

7.Бүх нийтийн хэвшвэл зохих зан үйлүүд

Цахилгааны хэрэглээгээ хянах. Хөргөгч, телевизор, гэрэл зэрэг цахилгаан хэрэгслийг зохисгүй ашиглах нь цахилгааны хэрэглээг ихэсгэдэг. Үүний улмаас дулааны цахилгаан станц улам их нүүрс шатааж, цахилгаан үйлдвэрлэх шаардлагыг бий болгодог. Шаардлагагүй үед гэрэл асаахгүй байх, цахилгаан хэрэгслүүдийг унтрааж хэвших нь агаарын бохирдлоос сэргийлэхэд хувь нэмэр оруулна;

Гараа тогтмол савандаж угааж хэвших. Амьсгалын замын өвчнүүдийн үүсгэгч нь найтаах, ханиалгахад хүний хэрэглэж байгаа зүйлс болох ширээний тавцан, ном, сурах бичиг, дэвтэрийн гадаргуу зэрэгт тархдаг. Эдгээр зүйлд хүрсэн хүний гараар их хэмжээний үүсгэгчид тархаж өөрт болон бусдад өвчинг халдаадаг.

Ханиаж найтаахдаа гараараа бус тохойн гадна хэсгээр ам, хамраа дарж хэвших. Бидэнд ханиаж найтаахдаа гарын алгаа дэлгэж гартаа бүх бактерийг цуглуулж авдаг буруу дадал байгаа нь амьсгалын замын зарим өвчлөлийг бусдад ялангуяа хамгийн дотны үр хүүхэд, ойр дотныхондоо халдаах нөхцлийг бүрдүүлж байна.

Хог хаягдлаа ангилан цуглуулж, устга. Хатуу, шингэн хог хаягдал нь холилдон химийн урвалд орж дотоод орчны агаарыг байнга бохирдуулж байдаг тул өдөр бүр хогоо гаргаж хогийн цэгт хаяж хэвших;

Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн бол олон нийтийн газар, сургууль, цэцэрлэгтээ явахгүй байх. Бусдад амьсгалын замын өвчнөө тараахгүй, өөрөө өвчнөө бүрэн төгс эмчлэхийн тулд гэртээ байж халуун аарц, халуун хоол хэрэглэх;